Thursday, October 7, 2010

Би Монгол Хүн...

Зүүдэнд минь намирдаг ариун далбаа
Зүрхэнд минь сийлсэн алтан соёмбо
Зүйрлэшгүй сайхан эх орноороо би бахархдаг
Зүгээр л, би Монгол хүн гэдгээрээ омогшдог
Алдар нь дуурссан Монголынхоо хүү нь болж төрсөн болохоор
Амжилт хөтөлсөн ирээдүйнх нь хүч нь болж тулахыг хүсдэг юм
Ариун цагаан сэтгэл бялхсан эх нутгийн хүү учраас
Адуун заяатай Монголдоо амьдарч, эзэн нь суухыг хүсдэг юм
Хараа цуцаам цэлгэр талын хангайн эзэн Монгол хүү болохоор
Харийн нутгийн халуун тэнгэр дор ханатал амьсгалж чаддаггүй юм
Хүлгийн төвөргөөнтэй Хүннү гүрний хүчирхэг Монгол хүү учраас
Хүний газрын хүрэн шороонд хоргодож би хоцордоггүй юм
Талын цэцгийг
тань таслаж тоглосондоо, эх орон таньд би өртэй
Таниар овоглосон тамгатай, би Монгол гэдэг нэртэй
Татаад хаясан тамхи бүрийнхээ төлөө, эх орон таны өмнө гэмтэй
Таниар хаягласан тархитай, би Монгол гэдэг гэртэй

Хоолойд минь хутга тулгасан ч хэлнэ, Би Монгол хүн
Хорвоод өөр хаа ч үгүйг бүгд мэднэ, Би Монгол хүн

Би Монгол Хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би Монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь бүх насаа
Авч байгаа амьсгалаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа хайрлахгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээ
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би Монгол хүн болохоор
Нарлаг Монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд нөхөдтэйгээ
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна